Америкийн Монгол судлалын төв (АМСТ)
Тус төв нь Монгол, Өвөр Азийн улс орнууд дахь сургалт солилцооны болон эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдийг түгээн хүргэдэг хувийн, ашгийн бус боловсролын байгууллага юм. АМСТ Улаанбаатарт байрлах салбаруудаараа дамжуулан Монголын холбогдолтой судалгаа шинжилгээний аливаа чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн судлаачдад туслан дэмжих, Хойд Америкт зохиогдож буй Монгол судлалын арга хэмжээ, үйл явдлыг ивээн тэтгэх, хээрийн судалгаа ба сургалт солилцооны тэтгэлэгт хөтөлбөрийг хөхиүлэх, олон нийтэд хандсан сурталчилгаа болон боловсролын сэдэвт илтгэл, хурлуудыг өөрийн зүгээс зохион байгуулж ажиллана. Мөн Монголыг зорин ирэгч судлаач эрдэмтэд, оюутан сурагчдын аялалыг хөнгөвчлөхийн үүднээс урьдчилан бэлтгэх ба тосох үйлчилгээ үзүүлж, сургууль боловсролын байгууллагуудын хурал чуулганы зохион байгуулалтын төлөвлөлтөд хамтран ажиллахын сацуу их сургуулийн тэнхим, оюутнууд, сонирхон судлаач хэн бүхэнд Монгол орныг илүүтэй таниулах зорилгоор бүлэг жуулчны үйлчилгээ санал болгодог. АМСТ эрдэм шинжилгээний олон салбар чиглэлийн эрдэмтэн судлаачдыг уялдуулан холбох үүднээс Монгол улсын Судалгааны Бүртгэл нээснээр Монгол судлалаар дагнагч хувь хүмүүс, байгууллагуудын мэдээллийг эмхлэн цуглуулж эхлэсэн бөгөөд Монголын Судалгааны Тэмдэглэл хэмээх товч цахим мэдээ нь өнөөгийн Монгол улсад тулгарч буй олон асуудалд гадаад, дотоодын олон судлаачдын анхаарлыг нэгтгэн чиглүүлж байна.
Америкийн боловсрол
Америкийн боловсрол нь АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, сургалтын байгууллагуудад элсэн суралцах хүсэл сонирхолтой оюутнуудад тус улсын дээд боловсролыг сурталчлан таниулагч олон улсын оюутны зөвлөх төвүүдийн АНУ-ын Төрийн Департментад харъяа сүлжээ байгууллага юм. АНУ-ын боловсрол – Монголын салбар нь Улаанбаатар хотын нийтийн номын санд байрлаж, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам
Тус ЭСЯ болон Вашингтон ДС дахь Монголын соёлын төв хамтран Монгол судлалын бага хурал жил тутам зохион байгуулж, Монгол судлалын чиглэлээр нийгэм, эдийн засаг, соёлын тулгамдсан асуудлыг хамарсан судалгааны сэдвүүдийг хэлэлцэх ба хуралд хэлэлцүүлэгч судалгааны илтгэл нь англи, монгол аль нэгэн хэл бичгээр бичигдсэн эх бүтээл байх ёстой аж. Монголын ЭСЯ Монгол улсад 90 хоногоос илүү хугацаагаар зорчих саналтай АНУ-ын иргэдэд аялан жуулчлах виза олгодог.
Монгол судлалын хүрээлэн (МСХ)
2000 онд Монгол судлалын төв нэрээр байгуулагдаад 2011 оноос МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нэрээр өнөө хүрч буй энэхүү төв нь Монгол судлалтай холбоотой аливаа судалгаа шинжилгээг улс орон, нутаг бүсийн хэмжээнд болон олон улсын түвшинд үүсгэн өрнүүлэх, дэмжих чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага мөн билээ. МСХ Монгол судлалын олон салбар чиглэлээр хийгдэж буй судалгаа шинжилгээг санхүүгээр дэмжин бодлогоор чиглүүлж, сан хөмрөг, мэдээ мэдээллээр хангахын зэрэгцээ Монгол болон гадаад дахь боловсролын байгууллагуудын Монгол судлалын үйл ажиллагааг хавсран дэмжсэнээр бүхий л цаг үеийн Монголын соёл, бүс нутгуудын тухай мэдлэг, ойлголтыг ахиулан хөгжүүлж байна.
Мөн судалгаа, сорил төслийн тэтгэмж шийдэх, төсөл хэрэгжүүлэх, санаачлах үүрэг хүлээсэн судлаач эрдэмтдэд түр хугацааны цалин олгох, дадлагажиж буй судлаачдад төсөл эхлүүлэх хөрөнгө олгох, олон улсын хурал зөвлөгөөнийг санхүүжүүлэх зэрэг шууд болон шууд бус арга замаар Монгол судлалыг дэмжин монгол, хятад, орос, солонгос, япон, манж, англи, герман, франц хэлээрх судалгааны номын сан ажиллуулж, Монгол дахь судалгааны эх сурвалжид нэвтрэх боломж нээх ба судлаачдын хамтын ажиллагааны хэлхээ холбоог зузаатган тухайн улс дахь албан байр, зохицуулалтын арга боломж, монгол хэл бичгийн түргэвчилсэн сургалт зэргийг шийдэж, судалгааны үр дүнг хэвлэн нийтлэхэд анхааран тусална.
МСХ-ийн тэргүүн зорилт нь Монгол судлалыг МУИС-ийн хүрээнд хөгжүүлэх, удирдан чиглүүлэх, Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, судалгааны төвүүд, эрдэмтэн судлаачдыг зохион байгуулах, зохицуулан уялдуулах, төлөвлөн чиглүүлэх, мэдээллээр хангах, дотоод гадаадын төслүүд хэрэгжүүлэх, гадаад улс орнуудад Монгол судлалыг дэмжин дэлгэрүүлэх зэрэг болно. Өнгөрсөн арван жилийн хугацаанд МСХ монгол хэл судлалыг бичиг соёл, эд дурсгал, судар шастир, түүх цадигийн учир холбогдлоор анхаарч ирсэн бөгөөд айсуй жилүүдэд утга зохиол, шашин суртал, угсаатны судалгаа, хууль ёс, уламжлалт ухаан, эдийн засаг, улс төр, нийгэм хүн судлал, урлаг соёлын өргөн чиглэлээр төвлөрөн ажиллахаар төлөвлөж байна. Басхүү МСХ нь Монголын болон гадаадын их сургуулиудын нийтэд нэртэй эрдэмтэн олны хичээл зүтгэлээр хэвлэгддэг эрдэм шинжилгээ, судалгааны Acta Mongolica сэтгүүлийн үр өгөөж болон хэвлэлийн тоог өсгөн нэмэгдүүлэхээр ажиллаж буй билээ.
Олон улсын Монгол судлалын холбоо
Монгол судлалыг дэлхий даяар түгээн хүргэж, эрдэм шинжилгээний сэтгүүл, цуглуулбаруудыг хэвлэн нийтлэх ба сургалт хөтөлбөр, уулзалт хурлуудын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Анх 1970-аад оны үес олон улсын Монголч эрдэмтдийн их хурлын байнгын хороо нэрээр үүсгэн байгуулагдаж, хожим 1987 онд 36 орны төлөөлөгч, олон улсын 4 байгууллагын оролцоотойгоор Олон улсын Монгол судлалын холбоо хэмээх байнгын үйл ажиллагаат байгууллага болсон түүхтэй. 1988 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ОУМСХ-ны Нарийн бичгийн дарга нарын газар, дотоод бүтэц, хөрөнгө төсөв зэргийг баталжээ. Саяхан ОУМСХ-ны их хурлаар тус холбооны үйл ажиллагааг тодорхойлон заасан аж. ОУМСХ Монгол судлалыг олон улсад түгээн таниулж Монгол судлалын мэдээ, олон улсын Mонголика сэтгүүл зэрэг хэвлэлүүд ба дотоод гадаадын судлаач эрдэмтдийн бүтээл туурвилыг нийтэд хүргэдэг билээ. ОУМСХ-ны Нарийн бичгийн дарга нарын газар дэлхийн өнцөг булан бүрээс монголч эрдэмтдийг урин ирүүлж, Монголд хэрэгжүүлэгч судалгааны үйл ажиллагааг нь хөрөнгө санхүүгээр дэмжихээс гадна 5 жил тутам хуралддаг олон улсын монголч эрдэмтдийн их хурал арга хэмжээг аль зохисоор зохион байгуулдаг ба сүүлийн жилүүдэд Монгол судлалыг олноо түгээх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнөөдөр ОУМСХ нь орон нутгийн 100, олон улсын 400 орчим гишүүнтэйгээр гадаад дахь Монгол судлалын 40 гаруй төвтэй хамтран ажиллаж, өөрийн холбооны хэвлэл мэдээ болон Монгол судлалын шинэ сэргэг мэдээллүүдийг харилцан солилцож байна.
Монгол Нийгэмлэг
Монгол нийгэмлэг 1961 онд үүсгэн байгуулагдаж Монголын түүх, соёл, хэл бичиг судлалыг нийтэд хүргэн таниулах үйл ажиллагаа эрхэлж буй хувийн, ашгийн бус боловсролын байгууллага юм. Тус нийгэмлэгийн тогтмол хэвлэл нь өөрийн гишүүд, захиалагчдын хүрээнд түгээн хүргэдэг судалгаа-хэлэлцүүлгийн Монгол судлал: Монгол нийгэмлэгийн сэтгүүл, Монголд холбогдох өргөн сэдвийн мэдээллийн товхимол зэрэг ажээ. Мөн эрдэм шинжилгээний сэдэвт тусгай болон жир бүтээл бичвэрүүд, ахин хэвлэлийн толь бичиг, гарын авлага, Монгол судлалын бусад хэвлэл мэдээг өөрийн цахим хуудаснаа нээлттэй байршуулна. Монгол нийгэмлэг басхүү Монгол судлалаар мэргэжигч судлаач эрдэмтдийн бүртгэл хөтөлж, жил тутам хурал чуулган ба бусад олон арга хэмжээ зохион хэрэгжүүлдэг.
Кембрижийн их сургууль
Кембрижийн их сургуулийн Нийгэм Хүн судлалын тэнхимд Монгол, Өвөр Ази судлалын салбар хэмээх олон чиглэлийн судалгааны төв байгууллага үйл ажиллагаа явуулдаг. 1986 онд байгуулагдсан уг салбар Өвөр Азийн оюутнуудыг боловсруулан сургах, туслан дэмжихийн зэрэгцээ тухайн бүс нутгийн холбогдолтой зүйл бүрийн судалгааны төслүүд гардан хэрэгжүүлэгч эрдэмтдийг хэлхэн холбож өгдөг.
Монголд суугаа АНУ-ын элчин сайдын яам
Тус ЭСЯ Монголд суралцагч АНУ-ын иргэдийн эрэлт хэрэгцээ, гэнэтийн тохиолдол, бичиг баримт, иргэншлийн асуудлууд, орон нутгийн боломж бололцоо, засгийн газрын хөтөлбөрүүдийн туслалцаа зэргийг анхааран үзэж, зохих дэмжлэгээр хангадаг. Соёлын солилцооны болон боловсролын хөтөлбөрүүдийг басхүү зохион байгуулж буйгаас АНУ-д суралцахуй хөтөлбөр нь олон зуун монгол залуус АНУ-ын их дээд боловсролын коллеж, их сургуулиудад элсэн суралцах зохистой нөхцөл бүрдүүлжээ. ЭСЯ-ны орон нутгийн тэтгэлэг хөтөлбөр нь боловсрол, соёл, урлаг хийгээд АНУ, Монгол улс хоорондын соёлын ойлголцлыг эрчимжүүлэх, ард нийтийн хэлхээ холбоог бий болгоход чиглэсэн бусад төслүүдийг дэмжих зорилгоор тодорхой тооны засгийн газрын бус байгууллагууд, боловсрол сургалтын газрууд, хувь иргэдэд тэтгэлэг олгодог.
Баруун Вашингтоны их сургууль
Зүүн Ази судлалын хэвлэл нь Баруун Вашингтоны Их Сургуулийн номын сантай хамтран Зүүн Ази судлал хийгээд Зүүн Азийн судалгааны гарын авлага ба орчуулга гэсэн хоёр чиглэлээл Монгол судлалын сэдэвт ном товхимлыг нээлттэй ашиглах боломжийг хангаж байна. Эдгээр сан хөмрөгт Монголын богино өгүүллэгүүд (1974), Монголика сан хөмрөг (1978), Монголын тухай судалгаанууд (1979), Николас Поппегийн намтар Дуртгал (1983), Баруун Вашингтоны их сургуулийн монгол хэвлэлийн хөмрөг (1984), Умард Хятадын үндэсний цөөнхүүд (1984), Монгол ба Монголчууд: Баруун Вашингтоны их сургуулийн хөмрөг (1992), Уйгур – Англи толь бичиг (1993), Базарын Ширэндэв намтар Далайн давалгааг туулахуй (1998), Сүүлчийн монгол ван: Дэмчигдонровын амьдрал, он жилүүд 1902-1966 (2000), Монголын түүхийн бичлэг 1200-1700 он (2002), Даяарчлалын үеийн Монголын соёл, нийгэм (2006), Хараат ард ба хаад эзэд: Монголын эзэнт гүрний харъяат Уйгурууд (2007) зэрэг ном бүтээлүүд багтаж байна.