Америкийн Монгол судлалын төвийн номын сан Улаанбаатар хотноо орших Америкийн Монгол судлалын төвийн албан газруудад Монгол судлалын болон нийгэм хүн судлал, археологи, биологи, эдийн засгийн ухаан, улс төрийн ухаан, нийгмийн эрүүл мэнд зэрэг тухайн бүс нутагт идэвх бүхий шинжлэх ухааны салбар чиглэлүүдтэй холбоотой 5,000 гаруй боть сан хөмрөгтэйгээр ажиллаж байна. XIX зууны сүүлээс өдий хүртэлх хугацаанд олон хэл бичгээр туурвин үлдээсэн ховор нандин ном хэвлэлийн цуглуулга уг номын санд мөн хадгалагддаг.
Мөн нэг сэдэвт бүтээлийн томоохон сан хөмрөгөөс гадна Америкийн Монгол судлалын төвөөс баруун Монголын Ойрад түмний бүтээл Тод номын гэрэл хэмээх судар, гар бичмэлийн цуглуулгыг цахим хэлбэрт буулгаж, судлаач эрдэмтдийг анхдагч эх сурвалж болон бусад эрдэм шинжилгээний судлагдахуунаар хангах орон нутгийн номын сангуудтай хамтран Өвөр Азийн цахим хөмрөгийг үүсгэн байгуулжээ.
Их Британийн Үндэсний Номын Сан
Тус номын сангийн хөмрөгт олон зууныг элээсэн хэдэн мянган төрөл зүйлийн Монголын цуглуулга хадгалагдан буйн дотор Бурханы шашны ба бусад сургаал номлол хэвлэж асан ховор модон бар, Монголын сонин, түүхэн гэрэл зураг зэрэг байна. Эдгээрийн дийлэнх нь XX зууны үед БНМАУ, Өвөр Монгол ба БНХАУ-ын Шинжаан Уйгурын бүс нутаг, ЗХУ-ын Буриад, Халимагт бүтээгджээ.
Харвардын их сургууль Монголын холбогдолтой баримт сурвалжууд Харвардын их сургуулийн салбар номын сангуудад хадгалагддаг. Монгол, Манж цуглуулгаас бүрдэх Харвард-Енчин номын сан 1724 онд Бээжин хотод хэвлэгдсэн монгол Ганжуур, хятад, манж хэлний элдэв төрлийн гарын авлага, толь бичиг, орчин цагт Өвөр Монголд хэвлэгдсэн судалгааны бүтээл, Хятадын сонгодог бүтээлүүдийн монгол орчуулга зэрэг чухаг цуглуулгыг хадгалан хамгаалж байна. Уг их сургуулийн гол номын сан болох Уайденерийн номын сан Монгол судлалын 6000 орчим бүтээлийг хадгалж байгаагийн ихэнх нь кирилл бичиг үсгээр ажээ.
Блүүмингтон хот дахь Индианагийн их сургууль
Индианагийн их сургуулийн номын санд Монгол судлалын 6500 гаруй ном бүтээл хадгалагдаж байна. Херман Б Уэллсийн номын санд харъяа Төв Еврази судлалын хөмрөг өнө эртнээс өдгөө хүртэлх үеийг хамарсан Алтай язгуурын хэлнүүд, Монголын сэдэвт бүтээлүүдийн өвийг хадгалж байна. Лилли номын сан Монголд холбогдох олон тооны гар бичмэл сэлтийг хадгалдаг. Өвөр Ази судлалын Синорын судалгааны хүрээлэнгийн номын сан ерөнхий сэдвийн цуглуулгатайгаас Монгол судлалын болон Төв, Өвөр Азийн түүх, хэл соёл, утга зохиол, газарзүй, үндэс угсаа, шашин шүтлэгийн хэлхээт зургаа орчим тооны нандин өв сан хөмрөг нь эрхэм чухалд тооцогддог юм.
Конгрессийн номын сан Азийн хэлтэсийн харъяа Монгол сан хөмрөг 15,000 гаруй нэг сэдэвт бүтээлүүд, цуврал зохиолууд, бичил дүрсийн хөмрөг, ховор чухаг ном сэлтээс бүрдэнэ. Энэхүү сан хөмрөг нь Монголд хэвлэгдсэн шинэхэн ном хэвлэлээр байнга сэлбэгдэн баяжиж байдаг. Ховор номын цуглуулгад нь Бурханы шашинтны дунд түгээмэл дэлгэрсэн судар номын монгол хэлээрх орчуулгууд, Бурханы шашны зан үйл, залбирал мөргөл, цадиг, түүх, анагаах ухааны бичиг ном багтана. Мөн Монголын цуглуулбарт ахин хэвлэлийн монгол Ганжуур, Данжуурын бүрэн боть хадгалагдаж буй.
Монгол улсын үндэсний номын сан Улаанбаатар хотод орших Монгол улсын үндэсний номын сан 1921 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө улсын хэмжээнд хамгийн арвин сан хөмрөгтэй гол номын сан хэмээгдэж байна. Сан хөмрөгтөө 3 сая гаруй ном, бусад хэвлэл нийтлэл бүрдүүлснээс 1 сая гаруй нь чухаг ховорт тооцогддог.
Сан хөмрөгийн дунд монгол, манж, түвд, хятад хэл бичгээрх түүхэн сурвалжууд онцгой байр суурь эзэлнэ. Хосгүй үнэт өвийн танхимд нь буй алт, мөнгөн бэхээр урлан бичсэн Түвд, Энэтхэг, Монголын эртний Бурханы шашны судар бичгүүд нь дэлхийд хосгүйд тооцогдох соёлын дурсгал юм. Эдгээр бүтээлийн зарим нь каталогид ороогүй хэдий ч энэхүү номын сан нь дэлхийд Түвд хэлээрх Бурханы шашны зохиол бүтээлүүдийн томоохон сан хөмрөгийн нэгэнд тооцогддог. 2018 оны 9-р сард Үндэсний номын сангаас Соёмбо хэвлэлийн газар, Монголын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнтэй хамтран XVII зууны Хар Бухын балгасаас олдсон “Үйсэн дээрх бичиг” дурсгалын зурагийн цомог хэвлүүлсэн агаад энэхүү Бурханы шашны номлол сургаалын холбогдолт 2,800 гаруй үйсэн дурсгалын эх гар бичмэл нь анх Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Хар Бухын балгасын эвдэрхий суварганы нурангиас олджээ.
Стэнфордын их сургууль
Монголтой холбоотой 5,000 гаруй нэр гарчиг бүхий ном хэвлэл, баримт сэлт Стэнфордын их сургуулийн номын санд бий. Хүүвер хүрээлэнгийн номын сан, хөмрөг XX – XXI зууны үеийн цэрэг дайн, хувьсгал тэмцэл, энх тайвны аливаа үйл явдлыг баримтжуулан хадгалдаг бөгөөд Монгол улстай хамааралтай ЗХУ-ын эхэн үеийн сан хөмрөгөөрөө алдартай. Монгол ардын нам ба 1920-иос 1930-аад онуудын БНМАУ-ын удаа дараагийн хурал чуулганы тэмдэглэл, мөнхүү үес Монголд зорчиж дотоод улс төр, эдийн засгийн байдлыг нь тэмдэглэн буулгасан америк жуулчны мэдээ сэлтээс гадна 1990 оноос хойшхи Монголын социал демократ намын сонин хэвлэлийг цуглуулан хадгалжээ.
Беркли дэх Калифорнийн их сургууль Калифорнийн их сургууль Монголтой холбогдол бүхий аливаа хэрэглэгдэхүүнийг өөрийн номын сандаа эртнээс цуглуулж ирсэн түүхтэй. С.В. Старр Зүүн Азийн номын сан нь Монгол Санаачилга байгууллагыг дэмжин тэтгэх зорилгоор монгол, манж, хятад хэлээрх ховор үнэт гар бичмэл дурсгалуудыг агуулан хадгалж буйн дотор XVII зууны үеийн цуврал боть Tai sang-ni acabume karulara bithe бүтээл багтана. Мөн Доу номын сан монгол үндэстний болон Оросын Алс Дорнодын монголчуудын тухай кирилл бичиг үсгээр хэвлэгдсэн түүх, соёл, урлаг, нийгэм ахуй, байгаль орчны сэдэвт хэвлэл, бүтээлүүдийг түүвэрлэн хадгалдаг юм.
Пеньсилванийн их сургууль
Түүхч эрдэмтэн Кристофер Атвүд, Хятад судлалын номын санч Брайн Вивиер нарын хүчин зүтгэлээр Пеньсилванигийн их сургуулийн Монгол судлалын сан хөмрөг арвижин баяжиж иржээ. Тэдний идэвхи зүтгэлээр Ван Пельт-Дитрих номын сан улам тэлж судалгааны зураглал, угсаатны зүйн тэмдэглэл, лавлагаа, 1945 оноос өмнө хэвлэгдсэн баримт сэлт зэрэг 2,000 гаруй нэр гарчгийн арвин хөмрөгтэй болжээ.
Баруун Вашингтоны их сургууль Монгол судлалын Номын сангийн сан хөмрөгөөр дэлхийд тэргүүлэгч их сургуулиудын нэг бөгөөд энэхүү их сургууль дээр төвлөрөн үйл ажиллагаа явуулж, Хенри Ж. Шварц ба Жон К. (Жакь) Стрийт сангийн өгөөмөр тус дэмжлэгээр улам өргөжин тэлсээр өөрийн сандаа 20,000 гаруй бүртгэл бүхий ном бүтээлтэй болсон байна. Профессор Шварц 1973 оноос хойш Монгол болон Хятадаас эмхэтгэн хураасан хятад, монгол хэл бичгээрх олон ном бүтээлүүдийн цуглуулгаа хожим нь Баруун Вашингтоны их сургуулийн номын санд хандивласан бөгөөд, өдгөө ч уг сан хөмрөгийг идэвхийлэн баяжуулсаар байна. Профессор Шварцын хамтрагч нөхөр, урьд түүнтэй цуг Вашингтоны их сургуульд хамтран ажиллаж асан эрдэмтэн Николас Поппе басхүү хувийн номын сангаа мөн адил хандивласны дээр олон монголч эрдэмтэд жил бүр нэмэр хандив үзүүлсээр иржээ.
Баруун Вашингтоны их сургуулийн номын сангийн каталогич Уэйн Рихтер нь Монгол судлалын хэрэглэгдэхүүнийг бүртгэн каталогижуулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн билээ. Тэрээр монгол болон бусад холбогдох хэлээрх сурвалжуудад номзүйн бүртгэл, каталогийн бичлэг үүсгэх, холбогдох нэрийн сан бий болгох зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн юм. Уэйн Рихтер монгол, уйгур, хасаг хэлнээ сайтар боловсорсноос гадна нарийн мэргэшлийн МАРК форматад (MARC) латин бус цагаан толгойн үсгүүдийг цахим номын сангийн агуулгын гарчигт тусгай тэмдэгтээр уялдуулан буулгаж, уламжлалт монгол бичгийн латин үсгийн галиглал ба Тод, Ойрад, хуучин халимаг бичгийн латин үсэгт харгуулсан хүснэгтийн үндэсний жишиг журам тогтоон хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлсэн юм. Монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд олон арван жилийн турш хувь нэмрээ оруулж ирсэн профессор Шварц, Рихтер нарын хөдөлмөр бүтээлийг Монгол улсын Ерөнхийлөгч үнэлэн үзэж Алтан гадас одонгоор шагнасан юм.
Баруун Вашингтоны их сургууль эдүгээ бусад боловсролын байгууллагуудын номын сангаас төдийлөн үл олдох ховор сан хөмрөгийн үлэмж арвин цуглуулгыг сэдэв, төрлөөр нь зохируулан төвлөрүүлсэн нь профессор Шварц, Рихтер нарын идэвх гавъяа хийгээд номын сангийн мэргэжилтэн хамт олны хичээл зүтгэлийн үр дүн билээ. 1911 оноос Монгол улсын нутаг дэвсгэр Хятадын харъяаны Өвөр Монгол ба тусгаар Монгол улс хэмээн хуваагдсан нь Монголын тухай судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулах аргазүйд нөлөөлжээ. ЗХУ задрах хүртэл Монгол болон Өвөр Монголын аль нэгээс нь ном бүтээл татан цуглуулж асан олон номын сангууд харилцан адилгүй сан хөмрөг бүрдүүлж ирсэн бөгөөд үүнтэй харьцуулахад Баруун Вашингтоны их сургуулийн номын сангийн цуглуулгад Монгол нутгийн төв хэсгүүдийн болон Буриад, Халимаг, зүүн Туркестаны Ойрадын сэдэвт ном бүтээлээр үлэмж арвин юм. Эрдэм шинжилгээний номын сангуудын дийлэнх нь монгол хэл бичиг, утга зохиол, түүх цадиг, зарим нийгмийн ухааны салбарт илүүтэй төвлөрдөг бол Баруун Вашингтоны их сургуулийн дээрх сэдвүүдээс гадна байгалийн шинжлэх ухаан, дуу хөгжим, уламжлалт анагаах ухааны баялаг сангаа улам арвижуулан нэмсээр иржээ.