Америкийн Монгол судлалын төвөөс (АМСТ) олон төрлийн сургалт, судалгааны тэтгэлгийг харилцан адилгүй шаардлага, нөхцлийн дагуу олгож байна. Хээрийн судалгааны тэтгэлэг нь оюутны судалгаа, докторын дараах судалгаа болоод их сургуулийн багш судлаачдын богино хугацааны, зуны хээрийн судалгааг дэмжих зорилготой юм. Бүтэн цагаар суралцдаг оюутан байх эсвэл их сургууль, коллежийн багш, судлаач юм уу докторын дараах судалгааны ажил эрхэлж байх шаардлагыг хангасан АНУ-ын иргэд уг тэтгэмжид өргөдөл гаргах боломжтой. Оюутан, докторын дараах судалгааны ажил эрхэлж буй судлаачид, их сургуулийн багш нарын хамтран өргөдөл гаргахыг АМСТ-ийн зүгээс хөхиүлэн дэмжиж ажиллаж байна. Мөн АМСТ нь зуны эрчимжүүлсэн хэлний хөтөлбөртөө цөөн тооны Монгол хэлний хөтөлбөрийн тэтгэлэг зарладаг. Энэхүү тэтгэлгийг өргөдөл гаргагчийн зайлшгүй хэрэгцээ шаардлага, эсхүл сурлагын амжилтыг нь харгалзан олгож байна. АМСТ-ийн Номын сангийн тэтгэлэг нь АНУ-ын магистр ба докторын хөтөлбөрийн оюутнууд, их сургуулийн багш нараас гадна мэдээлэл, номын сангийн мэргэжилтнүүдийн зүгээс АМСТ-ийн судалгааны номын санг хөгжүүлэх, Монгол дахь орон нутгийн номын сангуудын нягт уялдааг бий болгоход туслах зорилготой номын сангийн сэдэвт богино хугацааны төсөл, судалгааны ажлыг дэмжинэ.
Ази дахь судалгааны Фрийман тэтгэлэг
Энэхүү тэтгэлэг нь Монгол болон Зүүн Ази ба Зүүн өмнөд Азийн бусад улс орнуудад суралцах сонирхолтой, санхүүгийн тусламж шаардлагатай, бакалаврын түвшинд суралцаж буй оюутанд олгодог тэтгэлэг юм. Фрийман тэтгэлгийн хүрээнд 2-4 жилийн хөтөлбөртэй коллежид суралцаж буй АНУ-ын иргэн, байнгын оршин суугчдад зориулан суралцахад нь шаардлагатай нислэгийн тийз, өдөр тутмын амьжиргаа, тээвэр, ном сурах бичиг, бусад холбогдох зардлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлж байна.
Фулбрайтын АНУ-ын эрдэмтэн судлаачдын хөтөлбөр — АНУ-ын Төрийн Департментын Боловсрол, соёлын хэлтсээс санхүүжүүлдэг энэхүү тэтгэлэг нь Монгол дахь их сургуульд бакалаврын зэргийн хөтөлбөрт багшлах юм уу судалгааны ажил эрхлэх сонирхолтой эрдэмтэд ба зохих ур чадварын шаардлагыг хангасан мэргэжилтнүүдэд 4-10 сарын хугацаанд багшлах болон судалгаа хийх санхүүгийн тэтгэлэг олгодог. Фулбрайтын хөтөлбөрт хамрагдагч эрдэмтэн, судлаачид олон нийтийн яриа хэлэлцүүлэгт оролцох, хичээл сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцон туслах, оюутан сурагчдыг зөвлөн чиглүүлэхээс гадна урин ажиллуулж буй байгууллагатай бусад олон талаар хамтран хамтран ажиллаж байна.
Фулбрайтын АНУ-ын оюутны хөтөлбөр
Уг хөтөлбөрийн хүрээнд оюутны нээлттэй судалгааны ба Монгол улсад Англи хэлний туслах багшаар ажиллах тэтгэлэг олгодог. Судалгааны тэтгэлэгийг Монголд бие даасан судалгаа хийх хүсэлтэй бакалавр, магистр, докторын зэргийн оюутнуудад 10 сарын хугацаатай олгодог бөгөөд өргөдөл гаргагч оюутнууд өөрсдөө төлөвлөгөөний дагуу уригч боловсролын байгууллагаа сонгох шаардлагатай. Мөн эзэмшсэн байваас зохилтой хэлний чадвар дулимаг бол өөрийн хийх судалгааны ажлын зэрэгцээгээр монгол хэл сурах хуваариа давхар төлөвлөх хэрэгтэй. Англи хэлний туслах багшийн тэтгэлэг нь бакалавр, магистрын түвшинд суралцаж буй төрөлх англи хэлт оюутнуудын өргөдлийг хүлээн авдаг. Туслах багшаар ажиллагсад ихэнхдээ 10 сарын хугацаагаар Улаанбаатар хот дахь их дээд сургууль, мэргэжлийн хүрээлэн, мэргэжил олгох сургалтын газруудад тархан ажилладаг ч зарим тохиолдолд хөдөө орон нутагт хуваарилагдах нь бий.
Монгол сан
Сан Франциско хотноо байрлах энэхүү ашгийн бус байгууллага нь Монгол хийгээд Монгол судлалын сэдэвт боловсрол, АНУ дахь Монгол судлалыг дэмжиж АНУ-ын коллеж, их сургуулиудад элсэн суралцагч, монголын иргэн болон монгол угсаат америк оюутнуудад сургалтын тэтгэлэг олгодог.