Америкийн Монгол судлалын төв
Тус төв нь өөрийн боловсролын түнш байгууллагуудын хүрээнд Багш нарт зориулсан хүмүүнлэгийн зуны хүрээлэнгийн үндэсний хүртээмж сургалтыг нэг буюу хэд хэдэн их сургуультай хамтран тогтмол зохион байгуулж байна. Сургуулийн өмнөх шатны болон ерөнхий боловсролын 25 орчим хүмүүнлэгийн ухааны багш нар энэхүү эрчимт хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн хэмжээнд Монголын түүх, соёлыг хичээл сургалтын хөтөлбөртөө тусган баяжуулах арга барилд суралцдаг.
Австралийн Үндэсний Их Сургууль
Австралийн үндэсний их сургуулиас (АҮИС) Монгол судлалыг өөрийн хэмжээнд хийгээд Австрали даяар сурталчлан дэлгэрүүлэх зорилготой 2013 онд үүсгэн байгуулагдсан Монгол хүрээлэн өнөөдөр тус их сургууль, төрийн байгууллагууд, олон нийтийг шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангахын сацуу Монгол судлалд шимтэн төвлөрөгч Австралийн судлаачдыг дэмжин ажиллаж байна. АҮИС өөрийн Ази, Номхон далай судлалын коллежоор дамжуулан Монгол судлалын сэдвээр монгол хэлний анхны мэдэгдэхүүн, дэлхийн түүх, Монголын эзэнт гүрэн, Өвөр Азийн зааг хязгаарын түүх зэрэг хичээл сургалт зохион байгуулахын хамт АҮИС-ийн оюутнуудад Монголд суралцах боломж бүрдүүлж өгдөг. Мөн Монгол хүрээлэн хурал зөвлөгөөн зохион байгуулж, Монгол судлалын мэдээ сэтгүүлийг эрхлэн хэвлүүлэх ба Монгол судлалаар мэргэжигч, бакалавраас дээш зэргийн оюутнуудад дэмжлэг үзүүлдэг.
АҮИС нь Австралийн нээлттэй их сургуулиуд байгууллагатай түншлэх хүрээнд 2 курс бүхий цахим сургалтыг монгол хэлээр хөтлөн хүргэдэг. Монгол хэл бичиг 1 курст авиа дуудах, орчин цагийн монгол кирилл бичгийн бүтцийг таних, үгсийн сан үүсгэх, өгүүлбэрийн бүтэцтэй ажиллах, ойр зуурын яриа өрнүүлэх; Монгол хэл бичиг 2 дамжаагаар үгсийн сангаа баяжуулах, хялбар дөхөм бичвэр уншиж ойлгох, зохион бичихэд зайлшгүй хэрэглэгдэх хэлзүйн дүрэм судлах, ахисан түвшний харилцан ярих зэрэг чадварт суралцана.
Харвардын Их Сургууль
Зүүн Азийн хэл, соёл иргэншлийн тэнхим нь унших, орчуулах чадварт суурилсан Монгол хэлний сонгодог хичээлийг санал болгож байна. Хичээлүүд нь түүх, хэл шинжлэл, шашин шүтлэг, эсвэл бусад чиглэлээр ажиллахыг зорьж буй судлаачдад зориулагдсан юм. Монгол хэлээр анхан, дунд, ахьсан түвшинд зохион бичих, дунд, болон нэмэлтээр уншиж сурах хичээлийг хоёр жилд нэг удаа санал болгодог.
Блүүмингтон дахь Индианагийн их сургууль
Блүүмингтон дахь Индианагийн их сургууль нь танилцуулах Монгол хэлний зуны эрчимжүүлсэн хөтөлбөрийг явуулдаг. Анхан шатны оюутнуудад зориулсан ойролцоогоор 8 долоо хоног үргэлжлэх сургалт нь 160 цагийн хичээл, 20 гаруй цагийн дадлагаас бүрдэнэ. Сургалтыг амжилттай төгссөн оюутнууд нь Монгол хэлээр харилцан ярих, мэддэг сэдвээрээ бичих, унших, аяллын болон цаашдын судалгаандаа зориулсан хэлний суурьтай болдог. Дэлхийн болон Олон Улсын Судлалын сургуулийн харъяа Төв Европ Судлалын Тэнхим нь Монголын түүх, соёл, урлаг, уран зохиол, ардын урлагийн чиглэлээр бараг арав гаруй хичээл бүхий Монгол хэлний сургалтыг санал болгож байна.
Беркли дэх Калифорнийн их сургууль
Беркли дэх Калифорнийн их сургууль нь Зүүн Азийн судлалын хүрээлэн дотроо олон салбар бүхий Монгол судлалын санаачилгыг анх үүсгэн байгуулсан юм. Тус санаачилгын хүрээнд анхан шатны болон уран зохиолын Монгол хэл, Төвд хэл, Монголын Бурханы шашны урлаг, Монголын түүх, соёлын хичээлийг заадаг.
Пенсилванийн их сургууль
Пенсилванигийн их сургуулийн Зүүн Азийн Хэл, Соёл Иргэншлийн Тэнхим нь 2018 оноос Монгол судлалын хөтөлбөрөө өргөтгөж, оюутан, багш нарын дунд Монголын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Монгол хэлний анхан шатны хичээлийг зааж эхэлсэн юм. Үүрэг хариуцлагынхаа хүрээнд Пенсилвани муж дахь Зүүн Ази судлалын төв (ЗАСТ) нь Зүүн Азийн сургалт, судалгааны ажлыг дэмжиж, холбогдох сэдвээр илтгэл, бага хурал, зөвлөгөөн зохион байгуулдаг. 2014 онд ЗАСТ нь АНУ-ын Монгол судлалын гол төвийн нэг болжээ.
Баруун Вашинтоны Их Сургууль
Баруун Вашингтоны их сургууль дээрх Зүүн Ази судлалын төв, хийгээд хожим байгуулагдсан Дэлхийн хамтын ажиллагааны хүрээлэн байгууллагууд 1973 оноос хойш Монгол судлалын боловсрол сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж иржээ.
Баруун Вашингтоны их сургуулийн Монгол судлалын хөтөлбөрийн эхэн үед профессор Хенри Ж. Шварцын удирдлагаар жил бүр Монгол судлалын хичээл гурваас цөөнгүйг хичээллүүлж, үндэсний болон кирилл монгол хэл бичиг заан сургах анхан шатны хичээлийг орчин цагийн Монгол нэрийн дор тогтмол анги хичээллүүлж байв.
1980 оны үес монгол хэлийг анхан, дунд түвшинд ахиулан сурах хүсэлтэй оюутнууд зуны сургалтаар Өвөр Монголын Хөх хотноо эрчимжүүлсэн хичээлийг дүүргэдэг уламжлал тогтжээ. Баруун Вашингтоны их сургуулийн Монгол судлалын хөтөлбөрийг Хенри Ж. Шварц ба Жон К. (Жак) нарын хичээл зүтгэлээр, Стрийт сангийн тусламж дэмжлэгтэйгээр дахин сэргээсэн юм.
Зочин болон суурин багш, судлаач нар анхан шатны монгол хэл, соёл уламжлал, түүх сурвалж, Евразийн нүүдэлч улс түмэн зэрэг өргөн сэдэвт Монгол судлалын хичээл заадаг. Мөн Баруун Вашингтоны их сургууль нь Монгол судлалын чиглэлээр манлайлагч эмэгтэйчүүд, уур амьсгалын өөрчлөлт ба сэтгэцийн эрүүл мэндийн холбоо зэрэг сэдвээр судалгааны ажил эрхэлж буй их сургуулийн профессор болон бакалавр ба түүнээс дээш зэрэгт суралцагч оюутнуудад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг.